Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Г.Махгал, Ш.Мөнгөнсүх, 2017
- Нэр: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
- Зохиогч: Г.Махгал, Ш.Мөнгөнсүх
- Редактор: Г.Махгал
- Хэвлэгдсэн: 2017
- ISBN: 978-99978-1-648-1
- Залруулга: Татах
Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээнд (Multivariate Analysis) хамаарах кластерын шинжилгээ, дискриминантын шинжилгээ, гол хэсгийн шинжилгээ, факторын шинжилгээ, каноник корреляцын шинжилгээ болон бусад статистик шинжилгээнүүд нь санамсаргүй вектор хувьсагчаас авсан өгөгдөл боловсруулах, судлах үндсэн арга техник юм. Мөн энэ нь орчин үед судлаачдын анхаарал татах болсон их өгөгдөл боловсруулах, хиймэл оюун ухаан болон түүний нэг салбар болох машин сургалтын онолын нэг үндэс суурь болдог. Тус сурах бичигт олон хэмжээст хэвийн тархалт, түүний загварчлал, нөхцөлт тархалт, параметрийн үнэлэлт, олон хэмжээст дисперсийн шинжилгээ (Multivariate Analysis of Variance буюу MANOVA) болон параметрийн бусад таамаглал зэргээс гадна дараах үндсэн статистик шинжилгээнүүдийг авч үзсэн.
- Гол хэсгийн шинжилгээ (Principal Component Analysis)
- Факторын шинжилгээ (Factor Analysis)
- Кластерын шинжилгээ (Cluster Analysis)
- Дискриминантын шинжилгээ (Discriminant Analysis)
- Олон хэмжээст координатын шинжилгээ (Multidimensional Scaling)
- Нэгдсэн хэмжилтийн шинжилгээ (Conjoint Analysis)
- Каноник корреляцын шинжилгээ (Canonical Correlation Analysis)
- Хамтын тархалтын холбоо хамаарлын шинжилгээ (Correspondence Analysis)
Эдгээрийг судалж эзэмшсэнээр дараах мэдлэг чадвартай болно.
- Үзэгдэл процесст нөлөөлөх хүчин зүйлсийг олж илрүүлэх
- Объектуудыг ангилах, ялгаатай байдлыг олж тогтоох
- Хувьсагчдыг ангилах
- Хувьсагчдын холбоо хамаарлыг хэмжих, задлан шинжлэх
- Хувьсагчдын холбоо хамаарлын зүй тогтлыг тогтоох
- Санамсаргүй хувьсагчдын хамтын тархалтыг олж тогтоох
- Параметрийн таамаглал шалгах
Тус номын онцлог бол дээрх шинжилгээнүүдийн онол ба тэдгээрийн хэрэглээг яв цав нийцүүлсэн явдал юм. Тодруулбал тухайн шинжилгээний онолыг дэлгэрэнгүй авч үзэхийн зэрэгцээ өгөгдөл авч уг онолын дагуу нарийн тооцоо хийж зохих үр дүнг харуулаад эцэст нь шинжилгээг статистик R програмын ямар функц ашиглан хийхийг авч үзсэн. R програмын тэрхүү бэлэн функц ашигласан үед гарах үр дүн нь дээрх (онолын дагуух) тооцооны үр дүнтэй яг адил байх бөгөөд үүнийг нэгбүрчлэн шалгасан. Тийнхүү шалгах буюу номонд бичсэн жишээнүүдийг бэлдэхийн тулд тодорхой өгөгдөл дээр онолын дагуу тооцоо хийхээр бичсэн R хэл дээрх кодоо GitHub дээрх өөрийн нэг агуулахын https://github.com/galaamn/source-code-on-statistics/tree/master/Multivariate%20Analysis хавтсанд байрлуулсан бөгөөд уншигч та номоо уншиж судлах, тухайн шинжилгээг хийж үзэхдээ тус кодыг чөлөөтэй ашиглах боломжтой.
МУИС-ийн ХШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн хурлаар уг номыг тус сургууль дээр хэрэгжиж буй Статистикийн бакалавр хөтөлбөрт хэрэглэх үндсэн сурах бичиг болгохыг дэмжсэн шийдвэр гаргаж их сургуулийн сурах бичиг болгосон.
Номыг Интерном, Мирном дэлгүүрүүдийн төв салбар болон МУИС Пресс номын дэлгүүрт худалдаалж байна.