Дүгнэх журам

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ


Дүн нь ирц, сэдвийн бататгах асуулт, бие даалт болон хоёр удаагийн шалгалтын онооноос бүрдэнэ.

  1. Ирц: 15 оноо
    Хичээлийн семестерийг оюутан ирцийн бүтэн оноотой эхлүүлнэ. Харин хичээл нэг удаа тасалбал эсвэл хоёр удаа хоцорвол нэг оноо алдана. Өвчтэй байсан бол эмнэлгийн магадлагаа харин чөлөөтэй байсан бол чөлөөний хуудас болон бусад баттай бодит баримтад үндэслэн ирц бүртгэл дэх тухайн тасыг засна.
    Түүнчлэн МУИС-ийн сургалтын журамд зааснаар хичээлийн лекц эсвэл семинарын 1/3-ээс дээш хувьд суугаагүй буюу тасалсан бол WF үнэлгээ авна. Энэ нь хичээлээ зургаа буюу үүнээс олон удаа тасалбал тус үнэлгээг авна гэсэн үг юм.
  2. Сэдвийн бататгах асуулт: 15 оноо
    Энэ нь хичээлийн эхний арван таван сэдвийн агуулгыг хамарсан тестийн асуулт хэлбэртэй байна. Сэдвийн бататгах асуултад тухайн сэдвийг үзсэн даруйд, заасан хугацааны интервалд багтаж хариулна. Сэдэв бүр ижил оноотой.
  3. I шалгалт: 15 оноо
    Шалгалт нь I - V сэдвүүдийн агуулгыг хамруулсан, ижил оноо бүхий 3 бодлоготой байна.
  4. Бие даалт: 30 оноо
    Бие даалтын ажлыг өгсөн удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд тус удирдамж дээрх рубрикээр дүгнэнэ.
  5. II шалгалт: 25 оноо
    Энэ нь VI - XVI сэдвүүдийн агуулгыг хамарсан, ижил оноо бүхий 5 бодлоготой шалгалт байна. Бодлогын даалгавруудыг гүйцэтгэхэд R програм ашиглана. Иймд өөрийн компьютер дээрээ R програм болон хичээлийн агуулгад багтсан нэмэлт багцуудыг урьдчилан суулгасан байвал зохино.

Эхний шалгалтыг семестерийн дундуур харин сүүлийнхийг хичээл хаагдсаны дараа Сургалтын албанаас товлосон шалгалтын хуваарьтай уялдуулж авна. Шалгалтуудыг хичээлийн веб сайтаар дамжуулан цахимаар авна. Шалгалтыг урьдчилж эсвэл нөхөж өгөхгүй. Хүндэтгэх шалтгаанаар өгч чадаагүй эхний шалгалтын оноог сүүлийн шалгалтын оноотой хувь тэнцүүлж нөхнө.

Шалгалт нь оюутан лекцийн хичээлээр үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэхэд шаардагдах зохих ур чадварыг семинарын хичээл болон бие даах цагт эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой. Харин сэдвийн бататгах асуулт нь лекцийн хичээлээр олж авах онолын мэдлэгийг бататгах зорилготой.

Хичээлийн тухайн сэдвийн талаар буруу ойлголттой үлдээхгүйн тулд уг сэдвийн бататгах асуултуудад бүрэн зөв хариулахыг шаардана. Ийнхүү тухайн сэдвийн бататгах асуултад амжилттай хариулсанаар уг сэдэвт харгалзах оноог бүтэн авна. Харин сэдвийн бататгах асуултад дутуу хариулбал оноо авахгүй ба бүрэн зөв хариулж чадталаа хэчнээн ч удаа оролдож болно.

Бие даалт нь лекцийн хичээлээр үзсэн онолын мэдлэг болон семинарын хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа бодит статистик өгөгдөл дээр хэрэглэж практикийн ач холбогдолтой тодорхой үр дүн гаргах дадал суулгах, үүнд шаардлагатай ойлголт өгөх зорилготой. Бие даалтыг удирдамжийн дагуу гүйцэтгэж, удирдамж дээрх шаардлагад нийцэх материалыг зааврын дагуу хураалгана. Бие даалтын шаардлагад нийцэх иж бүрэн материалыг л, удирдамж дээрх рубрикээр дүгнэнэ.

Дүн гаргахдаа дор дурдсан хүндэтгэх шалтгаан болон идэвх зүтгэлийг харгалзаж үзнэ. Үүнд:

  1. Чөлөөний хуудас болон эмнэлгийн магадлагаанд заасан хугацаанд хамаарах, өгч чадаагүй эхний шалгалтын оноог сүүлийн шалгалтын оноотой хувь тэнцүүлж нөхнө. Жишээлбэл эмнэлэгт хэвтэж байхдаа I шалгалтыг өгч чадаагүй оюутан II шалгалтаас 15 оноо буюу нийт онооны тавны гурвыг авсан бол I шалгалтын 15 онооны тавны гурав буюу 9 оноог нөхөж өгнө.
  2. Бие даалтын ажлын үнэлгээний рубрик дотор зааснаар минимумдаа 0 максимумдаа 50 оноо авах боломжтой. Дээр заасан бие даалтын 30 онооноос давуулан авсан оноог урамшуулал болгон өгч II шалгалтаас алдсан оноог нөхөхөд ашиглана. Харин I шалгалт, ирц болон бататгах асуултын оноог нөхөхөд ашиглахгүй. Жишээлбэл бие даалтын ажлаараа 50 оноо авсан оюутан II шалгалтаас 15 оноо авсан өөрөөр хэлбэл уг шалгалтаас 10 оноо алдсан гэе. Тэгвэл тус оюутны бие даалтаараа авсан илүү 20 оноогоор уг шалгалтаас алдсан 10 оноог нөхөж II шалгалтын оноог 25 гэж тооцно. Харин үлдсэн илүүдэл оноог өөр хаана ч нэмэхгүй.

МУИС-ийн Сургалтын журмын 4.9.1 дүгээр зүйлд зааснаар A дүн 5-25 хувь, B дүн 15-30 хувь, C дүн 20-40 хувь, D дүн 15-30 хувь, F дүн 0-25 хувийг тус тус эзлэх ёстой бөгөөд дүнгийн тархалтыг үүнд нийцүүлэхийг эрмэлзэнэ. Иймд оюутнууд бүгдээрээ жигдхэн өндөр оноо авах явдал байхгүй юм. Тэгэхээр дайчилсан хүч хөдөлмөр болон зарцуулсан цаг хугацааныхаа үр шим болох дүнгээ ахиу авахыг хүсвэл ирц, идэвх, шалгалт, бие даалтын оноогоороо олноос тасарч гарахыг хичээнэ үү.